2022-12-09

“Инвескор Капитал” Англи хэл ба Санхүүгийн боловсролын төслүүдэд “Гүрэн академи”-тай хамтарна

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх “Инвескор Капитал” үнэт цаасны компани “Гүрэн академи”-тай хамтран Монгол орон даяар хэрэгжих, ЕБС-ийн сурагчдын англи хэлний ярианы чадавхыг ахиулах болон Санхүүгийн боловсрол олгох төслүүдэд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Тус хамтын ажиллагааны хүрээнд НЭГТ, хүүхдүүдийн санхүү, бизнесийн мэдлэгийн хоцрогдлыг арилгаж, хүртээмжтэйгээр сайжруулан, ажил амьдралдаа эрт хэрэглэж эхлэхэд нь хөтлөх зорилгоор зургаан сарын турш  хөрөнгө оруулалтын зөвлөх алдарт Уоррен Баффетийн санаачлан өөрийн дүр ба дуу оруулалтаар баяжуулан хөгжүүлсэн 26 ангит “САЯТАН СУРАГЧДЫН КЛУБ” анимэйшн хүүхдийн киног албан ёсны эрхтэйгээр МҮОНРТ-ээр нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

Уг хүүхдийн кино нь Бизнес хийх, Зээл, Кредит карт, Үнэт цаас гэх мэт 26 сэдэв бүхий цуврал бөгөөд сургалтын агуулга зорилгыг сонирхолтой анимейшн хэлбэртэй авцалдуулж, үр дүнд хүчтэй чиглэснээрээ онцлог давуу юм.

ХОЁРТ. “Гүрэн академи”-ийн хувьд 17 сая ам.доллартой тэнцэхүйц мэдлэгийн хөрөнгө оруулалт бүхий төслийг Америк-Шведийн “Астрид” компанитай үзэглэж, ирэх жилүүдэд БШУЯ-ны бүрэн дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын улсын сургуулийн VI-XII ангийн нийт 400 мянган сурагчийн англи хэлний мэдлэг, практик хэрэглээг сайжруулах, мөн англи хэлний нийт 3100 багшийг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийг орон даяар хэрэгжүүлэхэд Инвескор Капитал ҮЦК санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.

Чанартай боловсролыг хүртээмжтэй болгох НҮБ-ийн дөрөвдүгээр зорилго  болон Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” зорилтыг уг төсөл бүрэн хангаж буй. Төслийн хүрээнд интернэтийн дундаж хурд ба бага хэрэглээ шаарддаг хиймэл оюунд суурилсан технологиор дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд Оксфордын тусгайлан хөгжүүлдэг контентуудыг хүргэж ажиллана. Мөн хүүхэд бүрийг тэгш боломжоор хангах, багш нарын ажлын ачааллыг хөнгөлөх, чадавхжуулах, англи хэлний боловсролын ерөнхий түвшнийг тогтмол нэмэгдүүлэхэд чиглэх оновчтой бодлогыг нарийн тодорхойлоход туслах их өгөгдөл бий болж, цаашид бодлого тодорхойлогчдод дэмжлэг үзүүлнэ.

Өөрөөр хэлбэл, дэвшилтэт технологийн тусламжтай богино хугацаанд алслагдмал хэсгүүдтэй Монгол орон даяар өөрчлөлтийг удирдах замаар шинэ үеийнхний амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.