
Дэлхийн зах зээлд түүхий нефтийн нийлүүлэлт сэргэж, илүүдэл үүсэх төлөв нэмэгдсэнээр газрын тосны үнэ гурван сарын хамгийн доод түвшинд хүрлээ. Брент төрлийн нефтийн үнэ баррель тутамдаа 88.7 ам.доллар орчимд арилжаалагдсан бол АНУ-ын WTI нефть 79.6 ам.доллар хүртэл буурч, наймдугаар сараас хойших хамгийн доод түвшнээ тэмдэглэв.
Зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж болзошгүй гэсэн хүлээлт үнэ буурахад голлон нөлөөлжээ. 10-р сард дэлхийн шингэн түлшний нөөц 52 сая баррелиар өссөн нь өдөрт дунджаар 1.7 сая баррелийн илүүдэл нийлүүлэлттэй тэнцэж байгааг онцолсон байна.
Хамгийн том ордтой улсуудын нэг болох Шарара газрын тосны ордыг холбодог хоолой дахин ажиллагаанд орж, нефть агуулах руу урсаж эхэлсэн нь нийлүүлэлтийн өсөлтийн төлөвийг дэмжжээ. Үүнээс гадна Ойрхи Дорнодын зарим үйлдвэрлэгчдийн олборлолт нэмэгдэж байгаа нь зах зээл дэх дарамтыг улам нэмэгдүүлж байна.
Ойрх Дорнод дахь аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжоогүй хэвээр байгаа нь зах зээлд болгоомжлол төрүүлсээр байна. Ираны мэдээлснээр гурван нефть тээвэрлэгч хөлөг онгоц тэнгисийн минад өртсөн бол АНУ эрчим хүчний танкеруудад чиглэсэн кибер халдлагад Иран холбоотой эсэхийг шалгаж байгаа аж. Үүний улмаас геополитикийн эрсдэл өндөр хэвээр хадгалагдаж, нефтийн үнийн бууралтыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар зах зээл өмнөх нийлүүлэлтийн хомсдолоос аажмаар гарч, тэнцвэржих шатандаа орж байгаа ч логистикийн хүндрэл болон бүс нутгийн мөргөлдөөнөөс шалтгаалсан савлагаа ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters