
Аргентины эдийн засгийн идэвхжил есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буурч, зах зээлийн хүлээлтээс муу үзүүлэлттэй гарлаа. Ингэснээр тус улсын эдийн засаг хоёр улирал дараалан агшиж, техникийн хямралд (technical recession) шилжих нөхцөл бүрдэв.
Аргентины Үндэсний статистикийн хүрээлэнгийн (INDEC) нийтэлсэн Эдийн засгийн үйл ажиллагааны сарын индекс (EMAE)-ийн мэдээллээр есдүгээр сарын үзүүлэлт наймдугаар сараас 1.1 хувиар өссөн ч өмнөх саруудын сул гүйцэтгэлийг нөхөж чадсангүй.
Эдийн засгийн идэвхжил долдугаар сард огцом буурч, наймдугаар сард маш бага сэргэлт үзүүлсэн нь гуравдугаар улирлын нийт үзүүлэлтийг сөрөг түвшинд хүргэжээ. Үүнээс өмнө ДНБ хоёрдугаар улиралд мөн агшсан тул Аргентины эдийн засаг техникийн хямралд орсон гэж шинжээчид үзэж байна.
Засгийн газар сул үзүүлэлтийг Ойрх wДорнод дахь геополитикийн нөхцөл байдал болон улс төрийн тодорхойгүй орчинтой холбон тайлбарлаж байгаа бол эдийн засагчид хөрөнгө оруулалтын сааралт, зээлийн өсөлт удааширсан байдал, дотоодын хэрэглээ сул байгааг гол шалтгаануудын нэгээр нэрлэжээ.
Салбаруудаас загас агнуурын үйлдвэрлэл хамгийн их буюу 48.6 хувиар агшсан бол санхүүгийн зуучлал 11.5 хувь, боловсруулах үйлдвэрлэл 1.8 хувиар тус тус буурсан байна. Харин уул уурхай 11.1 хувийн өсөлттэй гарч, эдийн засгийн идэвхжлийг хэсэгчлэн дэмжжээ.
Зах зээлийн шинжээчид 2026 оны Аргентины эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өмнөхөөс бууруулж, жилийн өсөлт 0.7-1.0 хувь орчимд хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь Ерөнхийлөгч Javier Milei-ийн засгийн газрын анхны зорилтот түвшнээс мэдэгдэхүйц доогуур үзүүлэлт болж байна.
Зах зээлийн ач холбогдол: Эдийн засгийн өсөлт саарсан нь Javier Milei-ийн хэрэгжүүлж буй төсвийн сахилга бат, мөнгөний тогтворжуулалтын бодлогын үр нөлөөнд эргэлзээ үүсгэж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл, хэрэглээ, хөрөнгө оруулалтын сэргэлт хүлээгдэж байснаас удаашрах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: Reuters