2026-11-25

АНУ-ын тангарагтны шүүх Huawei-ийн эсрэг буруутай шийдвэр гаргав

АНУ-ын Нью-Йоркийн зүүн тойргийн холбооны шүүхийн тангарагтны бүрэлдэхүүн Huawei Technologies Co., Ltd. болон түүний гурван охин компанийг Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн, банк болон санхүүгийн байгууллагуудыг залилсан, мөнгө угаасан, АНУ-ын компаниудын худалдааны нууцыг хулгайлсан зэрэг олон зүйл ангиар гэм буруутайд тооцлоо.

АНУ-ын прокуроруудын мэдээлснээр, Huawei болон түүний охин компаниуд болох Huawei Device Co. Ltd., Futurewei Technologies Inc., Huawei Device USA Inc. нь олон жилийн турш хууль бус үйл ажиллагаа явуулж, дэлхийн харилцаа холбооны бизнесээ өргөжүүлэх зорилгоор залилан, хориг зөрчил болон оюуны өмчийн хулгайтай холбоотой үйлдэл хийсэн нь шүүхээр тогтоогджээ.

Шүүх хуралдааны үеэр танилцуулсан баримтуудаас үзвэл, Huawei нь Иран дахь үйл ажиллагаагаа Skycom нэрээр явуулж, Ираны засгийн газар болон тагнуулын байгууллагуудтай холбоотой төслүүдэд оролцож байжээ. Мөн Иранд харилцаа холбооны сүлжээний үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ интернэт хэрэглэгчдийг хянах, цензурдэхэд ашиглагдсан технологи нийлүүлсэн гэж прокурорууд мэдэгдсэн байна.

Түүнчлэн компани нь Иран дахь үйл ажиллагааныхаа талаар банк, хэвлэл мэдээлэл болон АНУ-ын төрийн байгууллагуудад худал мэдээлэл өгч, олон тэрбум ам.долларын санхүүжилт болон ам.долларын төлбөр тооцооны системд нэвтрэх боломж олж авсан гэж шүүх дүгнэжээ.

Хэрэгт мөн Huawei-г Америкийн технологийн компаниудын оюуны өмчийг системтэйгээр хуулбарлаж байсан гэж буруутгасан байна. Үүнд T-Mobile-ийн “Tappy” нэртэй туршилтын роботын технологи, Cisco-гийн чиглүүлэгчийн эх код, Fujitsu, CNEX, Quintel зэрэг компанийн нууц мэдээллийг хууль бусаар ашигласан гэх нотлох баримтууд багтжээ.

АНУ-ын Ерөнхий прокурор Todd Blanche “Хэн ч, ямар ч компани хуулиас дээгүүр байх ёсгүй. Huawei олон жилийн турш АНУ-д худал мэдээлэл болон хулгай дээр тулгуурлан бизнесээ явуулсан” хэмээн мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Huawei болон холбогдох охин компаниуд их хэмжээний торгууль, хөрөнгө хураалт, нөхөн төлбөрийн эрсдэлтэй тулгараад байгаа бөгөөд ял оноох ажиллагааг 2027 оны 9 дүгээр сарын 14-нд хийхээр товложээ.

Эх сурвалж: АНУ-ын Хууль зүйн яам

Сүүлд нэмэгдсэн мэдээ