2026-09-25

Энэтхэгийн хамгийн том бирж IPO хийлээ

Энэтхэгийн хамгийн том хөрөнгийн бирж болох National Stock Exchange (NSE) хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгож, 226 тэрбум рупи (2.4 тэрбум ам.доллар)-ын IPO хийж байна. Энэ нь Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хоёр дахь том IPO болж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байж, санал болгосон хэмжээнээс тав дахин их захиалга иржээ.

Сонирхолтой нь NSE өөрийн хувьцааг өөрийн платформ дээр бус, өрсөлдөгч Bombay Stock Exchange (BSE) дээр бүртгүүлэн арилжаалж эхлэх гэж байна. Энэтхэгийн зохицуулалтын шаардлагын дагуу хөрөнгийн бирж нь өөрийн хувьцааг өөр дээрээ биш, өөр бирж дээр бүртгүүлэх ёстой байдаг.

NSE нь хувьцаа, дериватив, валют болон бондын арилжаанаас шимтгэл авах замаар гол орлогоо бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн хөрөнгийн зах зээл эрчимтэй өсөж, сая сая шинэ хөрөнгө оруулагч зах зээлд орж ирснээр тус биржийн арилжааны хэмжээ болон ашиг орлого эрс нэмэгджээ. 2026 оны санхүүгийн жилд NSE 187 тэрбум рупийн орлого олж, 103 тэрбум рупийн цэвэр ашигтай ажилласан байна.

Энэ удаагийн IPO нь биржид шинэ хөрөнгө босгох зорилготой биш юм. Харин State Bank of India, General Insurance Corp. of India, Canada Pension Plan Investment Board зэрэг одоогийн хувьцаа эзэмшигчид эзэмшлийнхээ тодорхой хэсгийг зах зээлд гаргаж байгаа бөгөөд NSE өөрөө IPO-ийн орлогоос мөнгө авахгүй. Гэсэн хэдий ч олон нийтэд бүртгэлтэй компани болсноор ирээдүйд технологийн шинэчлэл болон бизнесийн өргөтгөлдөө зориулан хөрөнгө татах боломж нь нэмэгдэх юм.

Хөрөнгө оруулагчдын хувьд NSE нь Энэтхэгийн санхүүгийн зах зээлийн өсөлтөд хөрөнгө оруулах нэг хэлбэр гэж үзэгдэж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын арилжааны дансны тоо бараг гурав дахин өсөж 250 саяд хүрсэн бөгөөд гар утасны аппликейшн, хямд өртөгтэй брокерын үйлчилгээний ачаар жижиг хөрөнгө оруулагчдын оролцоо эрчимтэй нэмэгджээ.

Харин эрсдэлийн талд Энэтхэгийн зохицуулагчид дериватив арилжааны хэт халалтыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд шинэ журам, татварын өөрчлөлтүүд хэрэгжүүлж эхэлсэн нь NSE-ийн гол орлогын эх үүсвэрт нөлөөлөх магадлалтай гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

Одоогоор NSE-ийн үнэлгээ ойролцоогоор 46 тэрбум ам.доллар хүрч байгаа нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй бирж операторуудын нэг болгож байна. Энэхүү IPO нь Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн ирээдүйн өсөлтөд хөрөнгө оруулагчид өндөр итгэл хүлээлгэсээр байгааг дахин харууллаа.

Эх сурвалж: Bloomberg