2022-12-14

Л.БИЛГҮҮН: Үйл ажиллагаагаа хангалттай сайн явуулж байгаа байгууллага л IPO хийх зөвшөөрлөө авч чаддаг

Гаднын улс орнуудад хөрөнгийн зах зээл нь оролцогч талууддаа эдийн засгийн тэгш боломжийг олгодгоороо чухал салбарт тооцогддог. Харин Монгол Улсын хөрөнгийн зах зээл нь хагас жарныг туулахдаа жил ирэх тутам хөгжин дэвшиж, сүүлийн жилүүдэд түүхэнд үлдэх үсрэнгүй хөгжлийг үзүүлж чадсан байдаг. Энэ ч утгаараа олон нийтийн анхаарлыг татсан үйл явдлууд ар араасаа өрнөсөөр буй.
Энэ удаад олон нийтийн ярианы сэдэв болж байгаа Голомт банкны хөрөнгийн зах зээлд үзүүлсэн нөлөө, хувьцааны ханшны өөрчлөлт зэрэг сэдвийн хүрээнд Голомт банкны IPO- д  үндсэн андеррайтераар ажилласан “Инвескор Капитал” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Л.Билгүүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сайн байна уу? Танай хамт олон болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Яг одоо олон нийтийн дунд ярианы голлох сэдэв болоод буй Голомт банкны хувьцааны ханшийн талаар ярилцлагаа эхлүүлье. Голомт банкны хувьцааны ханш анхдагч зах зээлийн ханшнаасаа буурсан шалтгааныг таны хувьд юу гэж дүгнэж байна?
Товчхондоо зарим хөрөнгө оруулагчид богино хугацааны ашиг хийх зорилготой анхдагч зах зээлд орсноос болж бага зэргийн өсөлт дээр зарж бусад хоцорсон иргэдийн хувьд нэмж зарах захиалга өгснөөр алдагдал хүлээх хандлага их ажиглагдаж байна. Энэ үед хувьцаа эзэмшигчдийн дунд ханш унах нь гэсэн айдас давамгайлж, улам их зарах захиалгууд нэмэгдсээр “Panic Sales” үүсгэж байгаа юм.
Гэхдээ энэхүү хандлага богино хугацаанд үргэлжилдэг бөгөөд сайн талаас нь харвал Голомт банкны хувьцааны арилжааны нийт дүн маш өндөр байна мөн хоёрдогч арилжаа эхлээд ердөө 3 хонож байна. Хоёрдогч зах зээлийн эхний өдөр 1 тэрбум 685 сая төгрөгийн арилжаа хийгдсэн бол хоёр дох өдөр 888 сая төгрөг, гурав дахь өдөр буюу 12-р сарын 13-ны өдөр 704 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байгаа юм. Энэ нь манай улсын хөрөнгийн зах зээлийн хувьд маш сайн үзүүлэлт байгаа.
Олон нийтийн дунд Голомт банкийг хувьцааны эрэлттэйгээ харьцуулахад их хэмжээний нийлүүлэлтийг хийсэн байна гэх хандлагууд ихсэж байна. Жишээ нь Төрийн банк 5 орчим хувиа олон нийтэд санал болгосон бол Голомт банк 11.6 хувиа олон нийтэд санал болгосон мөн Төрийн банктай харьцуулахад 5 дахин их хэмжээний хөрөнгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн байдаг. Энэхүү эрэлт нийлүүлэлтийн харьцаа нь хувьцааны ханшид нөлөөлж байгаа гэх хандлага нь хэр бодитой вэ?
Бага зэргийн нөлөө байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ голлох шалтгаан гэж миний хувьд харахгүй байгаа. Бид бүхний хөрөнгө оруулах хандлага төлөвшөөгүй буюу богино хугацааны ашгийн төлөө IPO-д оролцож, энэхүү хүлээлтэд нь нь хүрэхгүй байсан учраас хурдан зарах хандлага л голлох нөлөөг үзүүлж байгаа юм. Мөн иргэдийн хувьд хувьцааны өртөгт брокерын шимтгэлийн дүн орсон байгаагаа анзааралгүй 1285 төгрөгийн ханшаар зарах, түүнээс доош зарснаар алдагдал хүлээж байна. Нэгж хувьцааны 1285 төгрөг байсан брокерын шимтгэлийн хувьд анхдагч арилжааны шимтгэл /андеррайтеруудын шимтгэл 0.56% байсан, бусад брокерын шимтгэл 1-1.5%/, хоёрдогч арилжааны үеийн шимтгэл 1% байгаагаа тооцож үзэхээр 1305-аас 1310 төгрөгийн өртөгтэйгөөр хөрөнгө оруулагчид худалдаж авсан. Ингэхээр энэ ханшнаас доош зарах юм бол та алдагдал хүлээнэ гэсэн үг шүү дээ. Хувьцааг та зарснаар л ашиг эсвэл алдагдал хүлээх болохоос таны хөрөнгө өсөж буураад байгаа хэрэг биш шүү. Тэгэхээр өртөг үнээсээ доош зарах нь та өөрийгөө алдагдалд оруулж байгаа хэлбэр юм.  Харин зах зээлийн хэмжээний тухайд Голомт банкны хувьцааны нийлүүлэлт нь хэвийн түвшиндээ хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг харуулсан.
Таны хувьд Голомт банкны хувьцааны үнэ цэн цаашид хэрхэн өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй байгаа вэ?
Түрүүн дурдсанчлан “Panic Sales” нь богино хугацаанд үргэлжилдэг учраас хувьцааны ханш тогтворжих тал руу хандаж байна. Хувьцааны ханш гуравхан өдрийн арилжаагаар үнээ тогтдоггүй юм. Хөрөнгийн зах зээлийн хувьд хувьцааны ханш унах үед авах нь хамгийн зөв шийдвэр бөгөөд мэргэжлийн хөрөнгө оруулагчид харин санхүүгийн шинжилгээ судалгаагаа хийж өсөх боломжтой гэж үзэн их хэмжээгээр хуримтлуулан ажилладаг. Иймээс Голомт банкны хувьцааг авах хамгийн тохиромжтой үе, санхүүгийн чадавхын хувьд маш сайн, компанийн засаглал сайн буюу эздийн хамаарал бага, банкны үйл ажиллагааг банкандаа дунджаар 14 жил ажилласан удирдлагын баг удирдаж байгаа, 2022 оны ашгийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байгаа шүү дээ. Ер нь хувьцаагаа анх олон нийтэд санал болгож эхлэх үед л дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг үнэт цаас гаргагч, андеррайтер компаниуд болон эдийн засгийн шинжээчид ч онцлон хэлж байсан. Иймээс тун удахгүй хувьцааны ханш тогтворжих магадлал маш өндөр байна. Нэмж хэлэхэд хувьцаа эзэмшигчдийн хувьд үнийн өсөлтөөс гадна ногдол ашгийн бодлогынхоо хүрээнд ногдол ашиг хуваарилж өгөөжийн хэмжээ нэмэгдэх боломж бас байгаа.
Ер нь хувьцаа нь өөрөө хуримтлалын бүтээгдэхүүнд тооцогддог учраас бага багаар боломжтой үедээ цуглуулах нь дунд болон урт хугацаандаа өгөөж өндөр байх магадлал өндөр юм.
Том дүр зургаараа системийн нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигч болох нь ямар ач холбогдолтой талаар байр сууриа илэрхийлбэл?
Аливаа байгууллага нь нээлттэй хувьцаат компани болсноор мэдээллийн ил тод байдал сайжирч, олон нийтийн хяналттай болохоос гадна банкны хувьд өмнө нь Монголбанкны хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо Санхүүгийн Зохицуулах Хороо давхар хяналт тавих эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Мөн Монгол Улсын банкны систем нь өөрөө олон улсын арилжааны банкнуудтай харьцуулахад хөгжлөөрөө хамаагүй түрүүнд байдаг. Тиймээс энэхүү өндөр өсөлт, хөгжлийн үр өгөөжийг хувьцаа эзэмшигчид давхар хүртэх боломж нээгдэж байгаа юм.
Банкны реформын хүрээнд системийн хэмжээний хоёр банк харьцангуй ойрхон хугацаанд хувьцаагаа олон нийтэд санал болголоо. Үүнээс Голомт банк нь дангаараа Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1 их наяд орчмоор нэмэгдүүлсэн байдаг. Энэ жишээнээс харахад банкны хувьцааг олон нийтэд санал болгох нь хэр хэмжээний том өөрчлөлт гэдэг нь харагдаж байна. Мэдээж аливаа өөрчлөлт, шинэчлэлтэд дасан зохицох, суралцах хугацаа хэрэг болдог учраас олон нийтийн дунд бага зэрэг буруу ойлголтууд үүссэн байна.
Гэхдээ энэхүү хөрөнгийн зах зээлийн үсрэнгүй хөгжил дөнгөж эхэлж байгаа. Удахгүй Хаан банк, Худалдаа, хөгжлийн банк, ХасБанк зэрэг системийн хэмжээний бусад банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгоно. Цаашлаад хувийн хэвшлийн томоохон групп компаниуд, Төрийн өмчит хувьцаат компани зэрэг маш том боломжууд ээлж дараалан нэгдэхээр харагдаж байгаа юм.
Ерөнхийдөө Монголын хөрөнгийн зах зээл болон хөрөнгө оруулагч бид бүхэнд маш том боломж нээгдэх юм. 
Энэхүү банкны реформ буюу томоохон хэмжээний банкнуудын IPO-г ойрхон хугацаанд зохион байгуулж, зах зээлд ачаалал үүсгэсэн нь Голомт банкны хувьцааны ханшид нөлөөлсөн байж болох уу?
Системийн хэмжээний банкнуудыг хугацаа зааж олон нийтэд нээлттэй хэлбэрт шилжүүлж байгаа нь зах зээл ханах магадлалыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа. Гэхдээ банкны реформыг богино хугацаанд шийдвэрлээд олон нийтэд гэнэтийн байдлаар зарласан зүйл байхгүй. Банкнуудын зүгээс ч, олон нийтийн зүгээс ч тодорхой хугацааны өмнөөс мэдээлэлтэй байж, бэлтгэлээ хангасан байсан.
Мөн олон нийтээс босгож байгаа мөнгөн дүнгийн дийлэнх хэсэг нь хадгаламжийн бүтээгдэхүүнээс, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн рүү шилжиж байгаа үйл явц юм. Иймээс их хэмжээний мөнгө зах зээлд шинээр нийлүүлэх эсвэл их хэмжээний мөнгө татаад зах зээлийг хумьж байгаа гэдэг нь үндэслэлгүй ташаа ойлголт. Харин ч зах зээлд шууд эерэг нөлөө үзүүлж, идэвхжүүлэх өндөр магадлалтай.
Жишээ дурдахад зөвхөн Голомт банкны хувьд IPO-н дараа 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгох боломж бүрдэж байгаа юм. Энэ нь зах зээлийн эргэлтийг түргэсгэж, бизнесийн байгууллагуудаа дэмжин эрүүл аргаар тэлэх боломжийг л нээнэ гэж харж байгаа.
Банкны IPO-д оролцож, хувьцаа эзэмшигч болохын тулд ер нь юунд анхаарах шаардлагатай байдаг вэ? Таны хувьд цаашид юу гэж зөвлөмөөр байна.
Хөрөнгө оруулагч болох буюу хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хүнд хэцүү, цөөхөн бүлэг хүмүүст зориулсан ойлголт огт биш. Харин ч оролцогч бүх талуудад илүү хүртээмжтэй болгох, хялбарчлахын тулд л энэ зах зээл ажилладаг гэж хэлж болно. Мэдээлэл технологи өндөр хөгжсөн энэ үед үнэт цаасны дансаа нээлгээд тухайн данс нээсэн байгууллагынхаа системээр захиалгаа өгөхөд л хөрөнгө оруулагч болж байна гэсэн үг. Ихэнх үнэт цаасны компаниуд эдгээр процессыг цахимжуулсан учраас зайнаас хөрөнгө оруулах боломжтой болсон байгаа. Ахиад давтаад хэлэхэд бага хэмжээгээр байсан ч хамаагүй тогтмол худалдан авч, хувьцаагаа хуримтлуулж чадсан тохиолдолд өндөр өгөөж хүртэх магадлал өндөр.
Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, ярилцсанд баярлалаа.
Урьж оролцуулсан танай хамт олонд ч мөн баярлалаа.
 
Эх сурвалж: Тэнгэр телевиз – Зах зээлийн чимээ нэвтрүүлэг